June 27, 2008

Б.Ичинхорлоо 2 шүлэг

Хэдэн сарын өмнө нэг аниагийнхаа хамтаар Бас л завгүй шүлгийн тоглолтыг үзэж байлаа. Өнөөдөр СД ээ аваад шүлгүүдийг нь эхнээс нь сонслоо. Б.Ичинхорлоогийн 2 шүлгийг нь дахин дахин сонсоод л, үнэхээр өөр юм аа. Ингээд 2 шүлгийг нь нийтэллээ. Хэрэв таалагдвал Дэлгүүрээс сд-г нь аваад сонсохыг санал болгож байна. 

Б.Ичинхорлоо : Чамдаа
Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээнэ
Уулга алдан айсуй
Үгүйдээ хайрт минь би мартаж чаддаггүй
Үнэндээ чи ч бас мартагдахыг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй ээ

Заяа заяагаа дагасан тавилан гэж байхаас
Зайгүй дотнохон сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мянган хунгийн жигүүрйин салхинд сэмрэх
Мяндсан үүл шиг хэврэгхэн сэтгэл надад байдаггүй
Орь залуу нас хийгээд гуниг уйтгарын тухай
Одоо би шүлгэлхээ болисон
Өтгөн мөчирт зугаацаж ханаад гургалдай нисэж одох мэт
Өнгөрч холдсон дурсамжаасаа аажуухан залхах болсон
Чиний тухай мөрөөдөж ханасан амраг минь
Чээжин дэх нууцаа задлахыг чинь харин хүлээхгүй
Аянч хун нуурийн толионд буух шиг л
Алжааж хүлээсэн цаг мөчүүд миний мэдэлд ирлээ
Мянган жил өнгөрсөн ч шинэхэн байх үгүйг
Магад би одоо л хэлье чамд би хайртай


Б.Ичинхорлоо : Зуун намар
  Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
  Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
  Амгалан царайг чинь догдлон ширтээд
  Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
  Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
  Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
  Амгалан царайг чинь догдлон ширтээд
  Аялгуут үгсийг шагласаар л байх болно

  Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
  Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
  Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
  Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
  Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
  Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
  Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
  Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
  Зуун намар, зуун намар

No comments: